“Эс Жи Ливинг” ХХК

SG LIVING LLC

Орон сууц нийтийн аж ахуй контор

Компаний танилцуулга

“Суруга Монгол” ХХК-ний Ашиглалт үйлчилгээний хэлтэс 2007 онд байгуулагдсан нь манай компаний эхлэл болсон ба ашиглалтанд орсон орон сууцны СӨХ-той хамтран ашиглалт үйлчилгээг нь хариуцан ажиллаж эхэлсэн юм.

2013 оны 4 сард ашиглалт үйлчилгээний хэлтэс нь “Эс Жи Ливинг” ХХК нэртэйгээр “Суруга Монгол” ХХК-ний охин компаний статустайгаар орон сууцны конторын үйл ажиллагааг албан ёсоор явуулж эхэлсэн юм. 2013 оны 6 сард “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс “Цэвэр ус түгээх, хангах болон бохир ус татан зайлуулах, орон сууцны конторын тусгай зөвшөөрөл”-ийг авч, 2015 оны 2 сард “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос “Дулаан түгээх”, “Дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлүүдийг авсан.

Одоогоор “Эс Жи Ливинг” ХХК нь “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллийн ашиглалтанд орсон 4 орон сууц буюу 500 өрх айл, мөн хувийн болон улсын 3 сургууль цэцэрлэгийн цогцолбор, 10 давхар оффисын барилга зэргийг ус, дулаанаар хангаж түгээн, хэвийн найдвартай үйл ажиллагаагаар тасралтгүй ханган, хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Эс Жи Ливинг” ХХК нь нийт 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын онцлогт тохирсон цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго бол “ХЭРЭГЛЭГЧ ХААН” гэсэн уриатайгаар ажиллаж, компанийхаа ажилчдад “ТАНЫ ЦАЛИНГ ЗАХИРАЛ ӨГДӨГГҮЙ, ХЭРЭГЛЭГЧИД ӨГДӨГ” гэсэн ухагдахууныг өгч, оршин суугчдад чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг билээ.

Инженерийн хэлтэс

Эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлага бүхий Ерөнхий инжерийн маань удирдсан энэхүү хэлтэс нь дулааны инженер, сантехникийн инженер, цахилгаанчин, слесарь, машинист зэрэг18 хүний бүрэлдэхүүнтэйгээр гэрээт хэрэглэгчдэд халуун хүйтэн ус болон дулааныг тасралтгүй найдвартайгаар хангаж түгээн, хяналт тавин ажиллаж байна. Мөн орон сууцны конторын үйл ажиллагааныхаа хүрээнд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын баталсан төлбөрт үйлчилгээний тарифын дагуу айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сантехник, цахилгааны төлбөрт үйлчилгээг засварын бригадаараа дамжуулан явуулдаг юм.
Дээрх өдөр дутмын ажлуудаас гадна “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”, “Эрчим хүчний зохицуулах хороо” зэрэг дээд байгууллагууддаа хагас жил дутамд хүргүүлэх ёстой үйл ажиллагааны мэдээ тайлангаа хугацаанд танилцуулан хүргүүлж ажиллаж байна.
Мөн энэхүү хэлтэст диспетчерийн алба хамаарагдах ба 24 цагийн турш хэрэглэгчдээс сантехник, цахилгааны дуудлага хүлээн авч түргэн шуурхай засвар үйлчилгээг гүйцэтгэн ажилладаг ба УДДТ ( ус дулаан дамжуулах төв ) узелийн хяналтыг мөн 24 цагийн турш хийдэг юм.

Санхүүгийн хэлтэс

Энэхүү хэлтэс маань ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч, нярав гэсэн ажилчдаас бүрдэх ба сүүлийн үеийн дэвшилтэт технологи буюу санхүүгийн программ, орон сууцны программ, мессеж программ зэргийг ашиглан хэрэглэгчдэд бодитой үнэн зөв нэхэмжлэхийг бэлтгэн хүргүүлж байна. Мөн улсад төлдөг НД, НӨАТ, ХХОАТ болон бусад татваруудыг хугацаанд нь үнэн зөвөөр төлж барагдуулан, тайлан балансаа холбогдох газруудад хүргүүлэн ажилладаг юм.

Ашиглалт үйлчилгээний хэлтэс

Энэхүү хэлтэс нь ашиглалтанд орсон орон сууцны СӨХ (сууц өмчлөгчдийн холбоо )-той хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг юм. 24 цагийн технигч жижүүр, харуул хамгаалалтын үйлчилгээ, хүлээн авахын үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ гэсэн үйлчилгээгээр дамжуулан оршин суугчдын аюулгүй байдал, цэвэр цэмцгэр орчин, оршин суугчдад тулгарсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, ая тухтай амьдрах бүхий л орчинг бүрдүүлэхийг зорин ажилладаг юм.
 
 
 
Мөн өөрийн хариуцан ажиллаж буй хорооллынхоо оршин суугчдын өдөр дутмын ахуйн хог хаягдлыг 7 хоногт 5 удаа зориулалтын хогны автомашинаар ачиж тээвэрлэдэг хэдий ч, нийслэлээс баталсан сард 1 өрхийн 2,000 төгрөгийн тарифаар үйлчилдэг юм. Энэхүү хэлтэсийг туршлагатай менежерүүд өдөр дутмын удирдлагаар ханган, аливаа асуудлыг тухайн орон сууцны СӨХ-той зөвлөлдөн түргэн шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Техникч жижүүр: Орон сууц тус бүрийн хяналтын өрөөнд 24 цагийн техникч жижүүр ажилладаг ба тухайн орон сууцны аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Хүлээн авахын ажилтан: Оршин суугчдад санал гомдол, хүсэлт зэргийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх, мөн оршин суугчдад шаардлагатай зарим үйлчилгээ болох такси дуудлага, хими цэвэрлэгээ, хэвлэл захиалга гэх мэт үйлчилгээнүүдийг тогтмол хүргэн ажилладаг юм. Үйлчилгээний ажилтан: Орон сууцны нийтийн эзэмшлийн талбай, цахилгаан шат, аваарын шат, гараашийн давхар, гадна зам талбай зэргийн цэвэрлэгээг тогтмол хийж, байнгын цэвэр цэмцгэр байдлыг хадгалан ажиллаж байна. Ачигч жолооч: Хогын цэгт хог их хэмжээгээр төвлөрүүлэлгүй ахуйн хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэн, хогны өрөө, хогны сав зэргийн ариун цэврийг тогтмол сахин ажилладаг. Мөн хоёрдогч түүхий эдийг шил, лааз, хуванцар гэх мэтээр ангилан хаяж байгаль орчинд ээлтэй хандах дадлыг оршин суугчдад суулгах үүднээс хогын цэгт 4-6 төрлийн хогны савыг байрлуулан ажиллаж байна.

Холбоо барих

Хаяг: Хан-Уул дүүрэг. 15-р хороо.  ”Махатма  Ганди”-гийн гудамж.” Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол, өөрийн байр. Шуудангийн хайрцаг: 36-569 Утас: 976-11-345652 Факс: 976-11-341832 И-Мэйл: contact@fsg-suruga.com